Powered By Blogger

Sunday, April 22, 2012

“Буутай хүн”


Үргэлжлэл: Тэр хүн хэн байсан, яагаад буу барьж гарсан, яагаад айлын хаалга руу буудаж хүүхдийн аминд хүрсэн зэрэг бүхий л учир шалтгаан тэр даруй л тодорхой болсон байдаг. Энэ тухай хэрэг явдал болоод өнгөрсний дараа ах нарынхаа болон томчуулын амнаас бага сагахан сонссон мэдээлэлдээ тулгуурлан бичиж байна. Угаас энэ явдлын талаар манай гэрийнхэн нэг их ярих дургүй байсан. Аав, ээжийнхээ сэтгэлийн шархыг сэдрээхгүй гэсэндээ бид асуудлыг гүн рүү нь орж асууж шалгаалгүй өсчээ. Мэдээж хүүхэд юм чинь яагаад гэдэг асуултыг байнга тавьдаг байсан биз. “Хэрэггүй,  бүрлээчийн талаар битгий дахин дахин ярьж бай болдоггүй юм”  гэх зэргээр энэ сэдвийг нэг их хөндүүлдэггүй байсан санагддаг.  Тэр хүн өөдөөс харсан хөрш айлын хамгийн том хүү нь байж таарсан юм. Алтан хөршийн хүүхдүүд нэгнийгээ хөнөөсөн хэрэг амь нэгтэй хамтран ажиллаж, айлсан амьдарч байсан аав, ээжийн харилцаа, анд найз, ангийн хүүхдүүд болон мөр зэрэгцэн сурч байсан ах, эгч нарын нөхөрлөлд ямар их ан цав гаргахыг төсөөлөхөд ч бэрх шүү дээ.
Нэг орцны байтугай нэлээн хэдэн байшингийн айлууд амь нэгтэй байдаг даа. Нэгнийхээрээ өөрийн юм шиг орж гарцгааж тоглож наадах, хүүхдүүд нь хөгжиж цэнгэх, шинэ гаргасан хонины шүүсийг бүх л хөршүүддээ түгээн амсуулах зэрэг нь нэг орцонд болон айл саахалт амьдардаг Монгол айлуудын дунд бий болсон бичигдээгүй жаяг ёс. Манай байр 1 орцтой бөгөөд нийт 8 айлтай. Өөдөөс харсан хаалганы болон дээр дооргүй бүх л айлуудтай энгийн сайхан харилцаатай.
            Зуны халуун тэр өдөр биднийг гол явах дуулианд автан гэр лүүгээ орж байх тэр мөчид хөрш айлын тусдаа гарч амьдрал зохиосон том хүү аавындаа согтуу ирж агсам тавьж охин дүүтэйгээ маргасан бололтой. Томчуул нь бүгд эзгүй байсан байх. Улмаар дүү нь арга эвийг нь олж унтуулах, намдаах гэж үзээд барахаа больж ахыгаа алгадсан ч юмуу яасан юм, согтуу хүний ухаангүй бодолд уурын гал асаахаар үйлдэл хийж айсандаа зугтааж гарсан байдаг. Архины мунхаг хэнийг ч дийлдэг хойно ах нь ална тална болж гэрт байсан калибр бууг аван араас нь хожигдож гарчээ. Яг энэ үед бид гэрээс гарах таарч Бэхээ ах “буутай согтуу хүн, согтуу хүн” гэсээр эргэн орж ирж хаалга даран зогссон байна. Түүнээс цааш юу болсныг өмнө өгүүлсэн билээ. Зугтааж гарсан дүүгээ айл саахалт юм чинь ийшээ л орсон байж таарлаа хэмээн сэтгэж балбаж, түлхэж үзээд дийлэхгүй болохоор нь буу тавьж ийм их гай авчирчээ. Хэрэв хаалгаа шууд онгойлгоод гэрээ үзүүлчихсэн бол хэдэн жоохон хүүхдүүдийг харж дүүгээ байхгүйг мэдээд гараад явах байсныг үгүйсгэхгүй. Гэвч хүүхэд л бол хүүхэд согтуу хүнээс айна, гартаа буу барьчихсан улаан галзуу яваа бол бүр ойлгомжтой шүү дээ.
Хожим тэр хэргийн талаар гэр бүлийн хүрээнд тэгж их ярьж сэтгэлийн шархаа сэдрээдэггүй байсны хэрэг ч гарсан. Юмны учир, үнэн мөнийг ойлгож, ухаарсан байхад нэгэнт болоод өнгөрсөн хэргийн хойноос үлдэж байгаа ар гэрийг нь сэтгэл дотроо яллаж, хар буруу санаж явах нь эмгэнэлтэй явдлыг насан туршын эмгэнэл болгох байсан. Хэрэг үйлдсэн   миний мэдэх тэр том ах шүүхээс ял авч ялаа эдлэх газар луугаа явахын өмнөхөн золгүй байдлаар амь эрсэдсэн байдаг. Хэдий аав, ээжийн минь үл хүсэх эмгэнэлт явдал болж дамаа хэн хэнийх нь гэр бүлд нөхөшгүй гарз хохирол тохиосон ч амь нэгтэй, айл саахалт байсны хувьд сэтгэлийн зовлон бага багаар илааршиж хөршүүд урьдын адил хэвийн харилцаагаа үргэлжлүүлсэн юм. Энэ нь ч зөв байсан. Тэдний нэг охинтой манай дээрээсээ 2 дахь ах /нэг ангийн хоёр/ маань гэр бүл болж худ ургууд болцгоон аав ээжүүд ач, зээгээ харцгаасан. Өвөө эмээ нартаа эрхлэн өсөцгөөсөн ач, зээ нь өдгөө  эхнээсээ эрдэм боловсрол эзэмшиж ажил, амьдралын гараанд гарчээ. Юмны учир шалтгаан тааварлашгүй бөгөөд он цагийн аяс гэдэг хэний ч төсөөлшгүй үйл явдлыг ар араасаа дагуулдаг ажээ.

Wednesday, April 18, 2012

“Бууны суман дор зогсож байсан балчирхан бага нас минь”

           Дорнод аймгийн “Дөл” сонины 1976 оны 28 дугаарт гарсан тэр нэгэн үсгийн   алдаанаас болж гэр бүлээрээ Эрээнцавд нүүн ирж эгэл жирийн ард түмний дунд бусдын л адил ажиллаж амьдарсан, сурч хүмүүжсэн тэртээх он жилүүд миний аав, ээж, ах нарын хувьд олон сайхан гэгээлэг дурсамжуудыг үлдээсэн нь гарцаагүй. Түүнээс гадна олонд төдийлөн яриад байхаар биш ч юугаар ч үл нөхөх эмгэнэлт явдал үе үе нэхэн санадагддаг бизээ. Тухайн үед балчир бага байсан хүүхэд насны минь бяцхан тархинд тодхон хэрнээ бас бүүр түүрхэн гунигт дурсамж болон үлдсэн тэр үйл явдлыг өөрийн ой тойнд хадгалагдсан байдлаар нь сийрүүлэхээр шийдлээ.
            Эрээнцавд шилжин ирсний дараа жил миний бие хорвоод мэндэлж олон хөвгүүдтэй айлын хүүхэд ямар байдалтай бужигнан шуугилдаж өсдөг билээ тэр л зургаар өсвөр насны ах нарынхаа гараас гарт шилжин өргүүлж, мөрөөс мөрт дамжин үүрүүлж өсчээ. Нэг гэр бүлийн тэрсхэн 6 бандийг дэгтэй журамтай өсгөнө гэдэг өнөө цагийн залуу аав, ээжүүдэд бол давшгүй хүнд ачаа. Тэр үеийнхээр бол гойд сонин биш байдаг л нэг социалист гэр бүл. Гагцхүү дандаа хөвгүүд гэдгээрээ багахан ялгаа байсан байх. Манай гэрийхэн дандаа 3 насны зайтай төрсөн байдаг. Энэ нь ч тухайн үеийн олон хүүхэдтэй айлуудын баримталдаг хүүхэд өсгөх нийтлэг “бодлого” байсан байх. Хүн амаа эрчимтэй өсгөх төр засгийн мэргэн бодлогоор тухайн үеийн олонх айлууд хамгийн багадаа 5, түүнээс олон хүүхэдтэй байсныг хүмүүс мэднэ. Ээж маань алдарт эхийн эрхэм хүндэт 2 дугаар одныг миний дээд талын ахыг маань төрүүлснээр энгэртээ зүүж бусад ээжүүдийн адил баярлаж бас бахдаж байсан бизээ. Энэхүү хүндтэй үйл явдал Чойбалсан хотноо амьдарч байхад тохиосон байна. Мэдээж хэрэг 6 хөвгүүнтэй гэр бүлийн хүсэл мөрөөдөл ээждээ хань болох, эрчүүдэд халамж авчрах охин төрүүлэх байсан нь тодорхой. Намайг анх охин байгаасай гэж хүлээж байсан нь  ойлгомжтой гэж би таамагладаг. Гэхдээ миний мэдэхийн тэр үед охидуудтай айлууд олон, хүүтэй болохыг хүсдэг аав ээжүүд их байсан шиг санадаг. Тэгэхээр манайх тухайн үедээ бас ч гэж ондоо байсан байж магадгүй юм. Би ч хэргийн эзэн гэдгээ мэдэх биш хэдэн ах нартайгаа тоглоомоо булаацалдаж ана мана үзэж өсчээ. Удалгүй би гэдэг хүн тэрүүхэндээ биеэ дааж, шээеээ бааяаатайгаа болох үед буюу 3-тай болж байхад манайд дахин нэг маамууны сураг сонстож миний бие дүү дагуулсан бас нэг “том ах” боллоо. Хүсэн хүлээсэн охин дүү 1980 онд мэндлэв. Дүүгээ анх төрөхдөө ямархан охин байсан, ахын хувьд дүүгээ хэрхэн хүлээж авч байсан, баярласан догдлосон болон мээмээ хармалж уйлсан эсэх тухай ямарч мэдээлэл тэртээгээс цаг үеийн уртыг туулан өнөөдөр миний оюун санаанд яахан үлдэх билээ.  3-тай байх үеэ санадаг, ярьдаг хүн ховор байх. Манайх ингээд эмэгтэйчүүдийнхээ тоог нэгээр нэмлээ, ээж минь ихээ баярласан гэдэг.
            Аав нь аж ахуйн ажлаар хөдөө их явах, ээж нь талхны цехэд /бид талхны газар гэдэг байсан/ талх баригч тул өдөр шөнөгүй ээлжээр ажиллах, хэдэн хөвгүүд гэрээ сахин үлдэх тийм л нэг айлын дүр зураг. Эрээнцав орос ах нарын буянаар орчин үеийн тохижилттой тохилог 2 давхар орон сууцнууд олныг барьсан газар. Манайх 1 дүгээр байшингийн хоёр давхрын 7 тоотын 2 өрөө байранд оршин суудаг байлаа. Орцны хөрш айлын хүүхдүүдтэй амь нэг, орцонд шуугих, орос мэргэжилтний хүүхдүүдтэй хоккей тоглох, номердох, дуугий даагий, лавтуу,  бөглөө, мөнгө, амбаарын дээвэр дамжин харайх гэх мэт тэр үеийн хүүхдүүдийн нааддаг бүх л тоглоомыг зугаа болгож өссөн дөө. Ах нар насны эрэмбээр бие даан гараас гарч эхэлжээ. Тэр үед Эрээнцавын сургууль 8 жилийн сургалттай байсан юм. Хамгийн том ах 8 дугаар анги төгсөж сонирхлоороо Техникум төгсөж ирээд сангийн аж ахуйн авто гражид механикч хийж,  дараагийн ах 8 дугаар анги төгсөөд аймгийн төвд сургуульд, бусад нь буюу охин дүү бид хоёроос бусад гурван ах сумын сургуулийн сурагчид байсан үе 1983 оны 7 дугаар сарын зуны нэг өдөр энэ явдал болсон юм. Би 6 настай болчихсон сэтгэлд гүн үлдсэн дурсамжуудаа тархиндаа хав дараад энэ цаг үед тээж авчирах оюун ухааны хөгжил эхэлсэн үе. Ээж ээлжийн амралтаараа охин дүүг аван Цагаанхөндийн амралтын газарт амрахаар яваад 7 хонож байсан байх. Аав бас үе үе хөдөө явдаг ажил нь эхэлж хөдөө явах болсон байж. Байшингийн гадаа тоглож байсан чинь миний дээд талын ах Батзориг маань /3 дугаар ангийн сурагч байсан/ “аав хөдөө явах гэж байна би хамт явлаа” гээд саяхан ирж зогссон 69 машин руу гүйдэг юм. Би ч мөн адил явдаг баатар мөчөөгөө өгөхгүй дагаж гүйсэн байж таараа. Бид аавтайгаа хамт хөдөө ажлаар болон анд олон удаа явж байсан юм. Гэтэл тэр өдөр аав олон хүнтэй яваа багтахгүй гэж учирлаж дараа дагуулж явна гээд хоёуланд маань хориглох тэмдэг өргөлөө. Энэ явдал етөнцийн зүгээр бол байшингийн хойд талд, орцоор зүг гаргаж хэлвэл манай байрны яг зүүн хажууд болсон юм. Яагаад ч юм ах маань заавал хамт явна гэж учиргүй их уйлж машин руу нь зүтгэхэд аав ”Бэхээ дүүгээ ирж ав” гэж түүний дээд талын ахыг дуудахад/6 дугаар ангийн сурагч, дашрамд манайхан бүгд “Бат”-тай нэртэй, тиймээс дандаа сүүлийн нэрээр нь ялгаж дууддаг юм/ Бэхээ ах ирж Зоригоо ахыг маань орилуулан байж татаж чангаан авч үлдэж машин хөдөлж байсан дүр зураг одоо ч миний оюун санаанд тод үлджээ. Дүү нь хэрнээ би эхэндээ уйлж байгаад сүүлрүүгээ ахыгаа уйлахыг хараад зогссон санагддаг. “Дүүгээ хар л даа, тээр уйлахгүй байхад” гэх зэргээр 9 настай ахыг ичээх арга хэрэглэж байж намдаасан тэр явдлыг Бэхээ ах маань бүр илүү тод санадаг байхаа.
            Аав, ээж эзгүй байсан эгэл жирийн өдрүүдийг хөвгүүд зөндөө л үдсэн биз. Гэхдээ хүүгээ орилуулан байж орхин явсан тэр өдрийг аав маань байнга санаж харамсан гашуудна гэж яаж санахав дээ. Том ах ажилдаа явсан зуны өдөр хөвгүүд юу эсийг хийхэв, найзуудаа цуглуулаад бужигнасан байх, гэртээ тоглож уйдаад гадаа гарч тоглож байсан юм. Байшингийн гадаа сүүдэрт тоглож байтал гэрээ сахин үлдэгсдийн хамгийн том нь болох Баяраа ах маань /8 дугаар ангийн сурагч/ “Бэхээ, Зоригоо, Эрдэнээ та хэд ороод дээл, орны бүтээлэг, гал тогооноос бас  идэх юм аваад ир” хэмээн тушаал буулгаж араас нь “хэдүүлээ гол явья” гэж чихэнд чимэгтэй үг хэлж байсныг санадаг. Өөрөө найзтайгаа гадаа сандал дээр суугаад үлдэв. Гол дээр очно гэдэг зуны халуунд жинхэнэ жаргал. Аав, ээжийн байхад гол явах зөвшөөрөл авна гэдэг хэцүү. Гол уснаас болгоомжлох тухай сургаал ном зөндөө сонссон доо. Бид бөөн хөөр би би гээд л гүйхээрээ шахуу хаалгаар чихэлдэн гэр лүүгээ орцгоосон. Энэ үед хамт тоглож байсан Зоригоо ахын маань ангийн найз А.Амгалан бас хамт орсон байдаг. Гэрт нэлээн их ааруул байсан, түүнээс ахиухан авч байсан санагддаг юм. Хэрэгтэй зүйлсээ цуглуулаад яг гарах гэтэл Бэхээ ах “буутай согтуу хүн, согтуу хүн” гэсээр эргэн гүйж орж ирээд хаалгаа дараад зогсчихдог юм. Хамгийн том нь байсан болохоор “та нар цаанаа том өрөөнд ороод байж бай би хаалгаа түгжээдэхье” гээд цоожтой ноцолдоход цаанаас нь хүчтэй түлхэх, тийрэх тоолонд хаалгатайгаа хамт савчих Бэхээ ахыг хараад би хаалганы ойр зогсож байв. Зоригоо ах найзтайгаа том өрөө рүү орсон байсан. Нөгөө согтуу хүн хаалга түлхээд л байлаа Бэхээ ах ноцолдоод л байлаа. Хаалгаа түгжиж чаддаггүй шүү. Түрүүхэн гэрээс гарахдаа хаалгаа түгжиж байсан санагдаад болдоггүй “би түгжиж чадышд” гээд хаалганд ойртоход цаашаа цаашаа би чадна гээд ноцолдоод байх. Харин Бэхээ ах бидний нэг нэгнийгээ гэрт оруулахгүй гэж тоглодог байсан аргыг сэтгэж хаалганы арын хананд байдаг шүүгээний /оросуудын барьсан байранд цаанаасаа ийм шүүгээ байдаг/ өрөөсөн хаалыг онгойлгож гэрийн хаалгыг онгойлгохгүйгээр чагталж амжсан юм. Тэр согтуу хүн хэн болох, яагаад буу барьсан, яагаад манайх руу орох гээд зүтгээд байгаа талаар ер бодох сөхөө байхгүй “би хаалга түгжиж чадна, Бэхээ ах амархан юмыг гацаагаад түгжиж чадахгүй байна” гэсэн тийм л хүүхдийн хөнгөн бодолтойгоор айж, мэгдсэн юмгүй ахдаа хөөгдөн барин хараад зогсож байсан нь дэндүү тод санагддаг. Цаанаас нь тийрэх, түлхэх нь ихсэж байснаа гэнэт эрэгтэй хүний чанга баргилдуу хоолойгоор “онгойлгохгүй бол буудлаа шүү” гэж дуугарсан. Ах хаалгаа дараад л байв. Тас няс хийсэн дуу хаалганы цаана гарсан даруйд шунгинасан чимээ гэрт дуулдаж, таазны шохой ч дээрээс ширхэглэн унах шиг, ханын шавар ч үсрэх шиг сонин хачин явдал болсон юм. Гайхаад дээш, доош хараад зогсож байтал яг миний ард “ээжээ” гэж уйлагнах чимээ гарч билээ. Эргээд харсан чинь Зоригоо ах. Духаа гараараа дарчихсан гарын хурууных нь салаагаар цус гоожиж байгаа харагдсан. Тэрнээс цааш хэсэгхэн хугацаанд яг юу болсон нь ер санагддаггүй юм. Ахыгаа харснаас хойш гэнэт айж сандарсан байх гэж боддог. Нэг санахад Бэхээ ах бид хоёр том өрөөнд орж ирчихсэн Зоригоо ах маань аавын орны урд уначихсан толгойг нь тойроод шалан дээр дүүрэн цус. Суманд өртсөн газраасаа хөдөлж цаад өрөө рүү гуйвж дайван алхаж орон унасан байдаг. Би уйлаад явган суучихсан, Бэхээ ах цонхны тавцан дээр гарч салхивчаар хоолой мэдэн “манай дүүг буудчихлаа ш дээ” гэж уйлан бахирч байсан нь санагддаг. Нөгөө согтуу хүн яасан юм, хаалгаа түгжсэн юмуу бүү мэд. Гэнэт гадаа хүлээж байсан Баяраа ах маань найзтайгаа гүйн орж ирэхэд орон доор ороод нуугдан хэвтэж байсан талийгаач ахын ангийн найз А.Амгалан гараад ирчихсэн бөөн уйлаан. Баяраа ах маань найзтайгаа талийгаачийг хөл гарнаас нь дамнаад  эмнэлэг рүү гүйсэн, гадаа дүүрэн хүмүүс цугларсан, хамт тоглодог байсан орцны эгч нар хана налан уйлсан ийм л дүр зураг үлджээ. Тэр хооронд цагдаа нар гэрт орж ирж хэмжилт хийж, ахын маань яг унасан газар нь шохойгоор зурсан гэх мэт олон үйл явдлууд болсон юм. Ах маань ийнхүү харамсалтайгаар 3 дугаар ангийн сурагч байхдаа бууны суманд өртөж амиа алдсан юм. Талийгаач ахыгаа онц сурдаг байсныг, ёолкоор бэлэг авч байсныг, бид тоглоомон буугаа булаацалдаж дүү гэдэг утгаараа би дийлэх гэж үзэж байсан, аав тус бүрт маань цагаан гар буу авч өгч бөөн баяр болж байсныг, шөнө бүгдээрээ орондоо орсон хойноо буу халцгааж талийгаач маань ангийнхаа нэгдүгээр овгор гэж сайрхан ярихыг шимтэн сонсож, ах нар инээлдэж байсныг би одоо ч санаж байдаг. Аав хэрэг явдлыг дуулсан даруйдаа эргэсэн ч маргааш нь юмуу орой нь ч юмуу бүрэнхий болж байхад ирсэн юмдаг. Холбоо харилцаа сайнгүй тул хүнээр хэл хүргэсэн байх. Гэрт дүүрэн хүмүүс, ах нар эгнээд суучихсан би хэний ч юм өвөр дээр сууж байхад аав “Яагаад дүүгээ алдчихав даа” гэсээр орж ирснийг санадаг. Бөөн уйлаан болж байсан болохоор аавын тэгж хэлээд намуухан алхан орж ирээд надад хүрч байсан нь бяцхан ойнд минь хадагджээ. Аав уйлахгүй байсан нь сонин санагдсан тул энэхэн хэсэг миний санаанд тод байдаг байх. Аав минь тэгэхэд  зүрхэндээ дүүрэн нулимстай байсан нь тодорхой. Араас нь залгаж яваа хэдэн хөвгүүдийнхээ өмнө нулимс үзүүлэхгүй гэж огших эцэг хүн өрх гэрийн ноён нуруу байх хувь заяаныхаа өмнө энэ мэтээр олон сорилтыг давдаг байх.
Нэг унтаад сэрэхэд ээж дүү хоёр ирчихсэн, аймгийн төвөөс өвөө, эмээ, ах дүү хамаатан саднууд дүүрэн хүн цугларсан байв. Миний нүдэн дээр томоос том өвдөг гараад хавдчихсан. Хүмүүс наймаг эрхлүүлэх нь ихссэн ч юм шиг, хүн болгон өргөж яваад ч байх шиг, тэр хэрэг явдлаас хойш надад тавих анхаарал нэмэгдсэн ч юм шиг, юм болгон сонихон тийм л байдал ой тойнд буудаг.
Талийгаач зөнгөөрөө мэдээд байсан бололтой байдаг. Ээжийг амралтад явахад бас дагаж уйлсан гэдэг. Хааяа өөрийн нүдээр харсан энэ үйл явдлыг лавхан бодоход зүрх шимширдэг. Тэр үед дэндүү гэнэн балчир байсан болоод ч тэр үү сэтгэл зүрхэнд үлдсэн тэр таагүй үйл явдал аяндаа бороолсон байж болох.Тийм юм болно гэж хэн төсөөлөхөв дээ, тийм үйл явдлыг харсан хэн ч байсан гүн хямралд орно, би хэдий балчир ч гэлээ ор тас мартана гэж яаж байхав. Бэхээ ах маань л нэг хэсэг хямраад, уйлж зүүдлээд хэцүү байсан гэдэг. Хүүхэд байсан тулдаа төдөлгүй давж гарсан байх.
            Ээж, аавд минь ямар хэцүү байсныг үгээр яаж илэрхийлэх билээ. Ах маань ээждээ одонгийн хүүхэд нь байв. Ээж минь мартаж чадахгүй шаналж талийгаач ахтай маань холбоотой бүх л зураг, хэрэглэж байсан зүйлсийг нь хүнд өгөхийг өгч, шатаахыг шатааж өр зүрхнийхээ зовлонг нимгэлж байсныг санадаг. Нэгэнт босгоод ирж чадахгүйгээс хойш байнга бодож, энд тэнд нүдэнд өртөх дурсамж сэргээх зүйлсийг нь харж өөрийгөө тамлахыг хүсээгүй байх.
Тэр сум Бэхээ ахын хажуугаар гарч хаалганы өөдөөс харсан хананд ойж миний толгой дээгүүр гарсан байдаг. Хэрэг гарснаас хойш ээж уг нь тэр хаалганы нүхийг чадлаараа бөглөж будаж янзалсан боловч цагийн уртад бөглөөс нь уначихдаг юм билээ. Хожим намайг бүр том болж 10 дугаар анги төгссөнөөс хойш ч, тэр байранд өөр айлууд орсон ч хаалганд гарсан сумны жижиг нүх хэвээрээ байдаг байсан. Бүр сүүлд орсон айл шинэ хаалга хийсэн байна лээ. Байшин маань ч, өнөө хаалга нь ч цагийн аясаар элэгдэж хуучраа биз дээ.
Диваажинд ах маань яг л тэр хөөрхөн хүүхэд ахуйгаараа хэрэгтэй болж Бэхээ ах томдож, би багадаж бид хоёрыг үлдээсэн байхаа. Энэ түүхийг ингээд бичиж суухад ганц нэг зүйл нь санаанд гэнэт орж ирж хүүхэд насны минь дурсамж сэргэж байгааг мэдэрлээ. Буутай хүний тухайд дараа өгүүлнэ.

Нэгхэн үсгийн алдаанд нэлээд олон асуудлын учиг байдаг

Хүний намтар түүх гэдэг их сонин, сургамж авахаар зүйлс олныг өгүүлж байдаг. Ухаантай хүн хүний алдаан дээрээс суралцдаг бол тэнэг хүн гаргасан алдаагаа давтдаг гэдэг үг ч бий. Энд бичиж байгаа түүх зарим хүмүүст онц сонин биш байж болох ч миний хувьд байнга бодож, алхам бүртээ өөртөө хэлж явдаг зүйл. Аавынхаа гаргаж байсан алдааг давтахгүй юмсандаа гэсэн бодол. Ажил төрөл маань ч бичиг цаастай ихэнх цагийг өнгөрүүлдэг болохоор энэ бодол толгойд буудаг байх л даа. Олныг эс нуршин өгүүлэх зүйлдээ орьё. Миний аав Хатагин овогт Батын Хаянхярваа тухайн үеийн Намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж нам төрийн өндөр итгэл найдварыг өвөртлөн төрж өссөн нутаг Дорнод аймгийн ганц тогтмол хэвлэл болох Дөл сонинд сурвалжлагч, удалгүй хариуцлагатай нарийн бичгийн дарга хэмээх “хариуцлагатай” ажилд дэвшин томилогджээ. Энэ үе бол нам засгийн дайчин удирдлага дор социалист бүтээн байгуулалтыг өрнүүлж, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх тавдугаар 5 жилийн төлөвлөгөөт ажлыг биелүүлэх комунизм руу тэмүүлсэн социализмын оргил үе, 1972-1976 оны үе байж. Нам засгийн бодлогыг бүх нийтийн үйл хэрэг болгоход урдаа барьдаг цор ганц зэвсэг бол суртал ухуулгыг улаан тугаа болгосон сонин хэвлэл, ном зохиол буюу түүгээр дамжуулан хүргэх урлаг, уран сайхан байсныг хуучин нийгмийн бүтээгдэхүүн болон өсч хүмүүжсэн хүн бүр мэднэ. Тухайн үеийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга хийнэ гэдэг сэтгүүлч хэмээх мэргэжилтэй эрхмүүдийн мөрөөдлийн ажил байсан байх. Одоогоор бол редактор юмуу даа. Сонины дугаар бүрийг үг үсэггүй уншиж, утга найруулгыг засаж, агуулгыг тодруулж үйлээр бол уран шаглааг нь хийдэг ажил. Миний аав алхам бүртээ хариуцлага ярьсан, алдаа гарвал амьдралаараа шийтгүүлэх хариуцлагатай цаг үед тун нарийн чимхлүүр бөгөөд сэтгүүлч хүний чансаа шалгасан энэ ажил дээр бодол оюунаа чилээн, үнэн сэтгэлээсээ ажиллаж байсан гэдэгт би огт эргэлздэггүй. Нам төрийн даалгавар ч байсан биз, намын гишүүний улаан батлах нь ч зүрхэн тушаа төөнөдөг байсан биз. Тийм л хариуцлагатай үе 1976 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэвлэгдсэн Дөл сонины 28 дахь дугаарт тухайн үеийн ЗСБНХУ-аас Чойбалсан хотод суугаа ерөнхий консул /одоо аймгийн ЗДТГ байрлаж буй байр/ М.И.Петунины хэлсэн үгийг нийтлэхдээ “Монгол-Зөвлөлтийн эвдэршгүй найрамдал” гэсэн өгүүлбэрийн “эвдэршгүй” гэдэг үгийн “д” үсэг “л” -ээр солигдон “эвлэршгүй найрамдал” гэсэн эсрэг тэсрэг утгыг бий болгож улс төрийн ноцтой зөрчил илэрч хоёр орны ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгахуйц, уучилшгүй алдаа гарсан тул Дорнод аймгийн МАХН-ын хорооны товчооны гишүүд яаралтай хуралдан хэргийн эзнийг тодруулан хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна. Хэргийг шалган дүгнэлт гаргах тусгай ажлын хэсэг томилон Дөл сонины үсэг өрөгчөөс эхлэн эрхлэгч хүртэлх бүх албан тушаалтныг нэгд нэгэнгүй шалган байцаажээ. Ингээд шалгалтын дүнг намын хорооны товчооны гишүүдийн хуралд танилцуулахаар болж аав маань болон Дөл сонины холбогдох ажилтнуудыг байлцуулан 1976 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагт хуралдсан байна. Хурал шөнийн 01 цаг хүртэл үргэлжилж уг алдаатай гарсан 28 дугаар бүхий сонинг бүх захиалагч нараас татан авч устгах, шинээр хэвлэх, тухайн өдрийн сонины дугаарыг эрхлэн гаргасан нөхөр хариуцлагатай нарийн бичгийн дарга Б. Хаянхярваагийн буруу болохыг тогтоон намаас хөөхөөр донгодож ажлаас халах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Товчооны гишүүдийн хурлын уур амьсгал бүхэлдээ миний аав дээр хаягласан алдаа дутагдлыг илчлэн ярьсан байдлаар болсон байдаг. Алдаа гаргасан гэж үзэх ганц том шалтгаан нь “эвдэршгүй найрамдал” гэсэн үг нь эхнээсээ зөв өрөгдөж, хэвлэх зөвшөөрөл авах хүртэлх бүх дамжлагад алдаагүй тод гарч байсан боловч сонины хянагч уг нүүрийн сүүлийн засварыг тулгаж байх үед хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Хаянхярваа “эвдэршгүй” гэдэг үгийн “д”-г “л” үсгээр соль гэж хэлсэн буюу санаатайгаар үйлдүүлсэн тухай мэдүүлснээр нөхөр Хаянхярваа улс төрийн эсэргүү болон хувирчээ. Хуралд оролцож байцаагдсан болон байцаан тодруулсан товчооны гишүүдийн ярианы өнгө аяс, шалгасан ажлын хэсгийн мэдэгдсэнээр бол урьд өмнө Дөл сонины үйл ажиллагаанд гарч байсан бүхий л зөрчил дутагдлууд нөхөр Б.Хаянхярваагийн хариуцлагагүй байдалтай холбоотой байсан тухай хэлцгээж томоохон гэмт этгээдийг нэг мөр илрүүлсэн байдалтай хурлын тэмдэглэл архивын шарласан хуудсанд үлджээ. Сонины эрхлэгч М.Чимэдлхам гуай болон зарим хүмүүсийн мэдүүлснээр нөхөр Б.Хаянхярваа сонины эрхлэгчид болон нэр бүхий хүмүүст “Сая сонинд хэвлэгдэх гэж байсан нэг ноцтой алдаа олоод засчихлаа. Эвдэршгүй гэдэг үгийн “д” үсэг “л”-ээр солигдож хэвлэгдэх гэж байсныг зас гээд хянагчид хэлчихлээ” гэж ярьж явсан тухай мэдүүлгүүд бас байгаа юм. Зөв байхад нь буруу болгочихоод түүнийгээ бусдад ярьж явна гэж байхгүй нь тодорхой боловч эцэстээ бүх бурууг өөртөө хүлээсэн байдаг. Ийм хүнд хэцүү үед мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан зарим нөхдүүдийнх нь үнэн төрх ч илэрсэн бололтой. Нэгэнт оройтсон ч эргэцүүлж бодмоор, эхнээс нь дахин эхэлмээр санагдсан халуун цаг үед хүн юу эсийг эргэцүүлэхэв. Энэ үйл явдал аймгийн хэмжээнд бүү хэл Улаанбаатарт ч дуулдаад авсан бололтой. Үндсэндээ бүгдийг өөртөө үүрээд гарахаас өөр арга байхгүй шахаанд орсон, тийм байдалд орох нөхцлүүд ч урьд өмнө нь ажил дээр гарсан анзааргагүй байдлаас болж бий болсон байсныг өгсөн мэдүүлгээс нь харж болохоор байв. Үйл явдал хэрхэн өрнөж ийм байдалд хүрснийг тухайн өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлээс нь харж болох ч тэр бүгдийг энд тоочих нь илүүц. Ингээд Дорнод аймгийн МАХН-ын хорооны товчооны гишүүдийн 1976 оны 70 дугаар тогтоолоор Дөл сонины 28 дугаарыг хүчингүйд тооцож, Б.Хаянхярвааг намаас хөөхийг донгодон ажлаас халж, сонингийн зардлыг төлүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Хянан шалгах хороонд үүрэг болгосон байна. Тийнхүү нөхөр Б.Хаянхярвааг хэдий хариуцлагагүй ажиллаж алдаа дутагдал гаргасан ч намын гишүүнийх нь хувьд өөр ажилд тохоон томилж ариун цагаан ажил хөдөлмөрөөрөө гаргасан алдаагаа засах боломж олгосон нь Эрээнцавын сангийн аж ахуйн орлогч даргаар томилсон явдал байлаа. МАХН-ын хорооны товчооны гишүүдийн 1976 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хурлаас ингэж шийдвэрлэжээ. Тухайн үед улс төрийн гэмт хэрэгтнүүдийг нутаг заан цөлдөг байсантай адил боловч аав минь хүлээсэн хэргийнхээ шийтгэлийг эдлэхээр нэгэнт шийдсэн байжээ. Юу л болвол болог гэж. Гэхдээ буулт нь харьцангуй зөөлөн байж таарсан байна. Сэхээтний төөрөгдөл гэж нэрлэж байсан үед улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсэд ганц биеэрээ бус бүтэн гэр бүлээрээ хохирсон түүхийг монголчууд мэднэ. Миний аав хэлмэгдсэн ч байж болох, үгүй ч байж болох. Үүнийг энд эрэгцүүлж, нэхэн зөвтгөхийг зорьсонгүй. Тус хурал дээр аавын маань хэлсэн ганц хүсэлт бол намаас итгэл хүлээлгэж хариуцлагатай ажилд томилж байгаад талархан сайн ажиллахаа илэрхийлж, гагцхүү 2-3 жилийн дараа эргүүлэн аймгийн төв рүү татаж ажиллуулахыг хүссэн байдаг. Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Я.Тойвгоо “Эргэн ирэх тухай одоо ярихгүй, шинэ ажлаа сайн хий” гэснээр уг хурал өндөрлөсөн байна. Сонин хийнэ гэдэг ийм л амаргүй ажил байж. Тухайн нөхцөлд оногдсон үг, солигдсон үсэг зэрэг нь өөрөө их эмзэг таарсан нь энэ. Өнөөдөр монголд гарч буй олон зуун сонингуудын алдаа мадгийг ярьвал энэнээс эмгэнэлтэй нь ч бий байх. Ингээд аав ээж хоёр маань миний ах нар болох 5 хүүгээ дагуулан Эрээнцавын сангийн аж ахуй буюу Чулуунхороот сум руу нүүжээ. Энэ үед хамгийн том ах маань 14 настай, хамгийн бага ах 2 настай байсан байна. Эрээнцавд нүүж очсоны дараа жилийн 4 дүгээр сарын 16-нд би аав ээжийнхээ 6 дахь хүү болон мэндэлсэн юм. Энэ өдөр бол аавын алдаа дутагдлыг шүүмжлэн ажлаас халж байсан 1 жилийн өмнөх намын хорооны товчооны гишүүдийн хурлын өдөр. Эрээнцав сайхан нутаг. Тэнд төрөх хувь тавилан надад ийм байдлаар олдсон ч гэлээ би харамсдаггүй. Харамсаад ч яах билээ. Хүн эцэг эх, нутаг усаа сонгож төрдөггүй. Манайх гэдэг айл Эрээнцавын сайхан тосгонд 2-3 жил биш 20 жил монгол нутгийн газар газраас цугларсан ард түмний дунд аж төрөн суужээ. Энэ нутгийн сайхан агаараар амьсгалж, улз голын цэнгэг усанд умбаж өсөх хувьтай төрсөн би азтай. Харин Эрээнцавд ирсний дараа манай гэр бүлд азгүй үйл явдал тохиолдож уг үйл явдлыг нүдээр үзсэн гэрч нь би болж байлаа. Энэ тухай дараагийн бичлэгт оруулах тул ингээд зогсоё. Гагцхүү алдаа гаргахгүйгээр амьдарч, алдахгүйгээр амжилтад хүрсэн хүн хорвоо ертөнцөд байхгүй. Алдаж болно, алдаагаа давтаж болохгүй. Түүнээс сургамж авч зам мөрөө засч явах ёстой гэж боддог. Гайхуулан бахархмаар гавьяа биш ч үүнийг үл мартах зорилгоор, мөн хэрэг болгон сонирхсон нэгэнд сонин болгохоор ийнхүү тэрлэлээ. Аавынхаа амьдралд үүрсэн ачааг хэмжиж би чадахгүй ч эрхэлсэн албандаа эзэн байж, эхэлсэн ажилдаа сэтгэл зүрхээ өгч, шударга байхыг захидаг байсныг санан дурсаж, ахиж алдаагүй цэгц шулуун явсныг нь даган дуурайх хүсэл сэтгэлээр жигүүрлэж явдгаа нуух юун.