Хүний намтар түүх гэдэг их сонин, сургамж авахаар зүйлс олныг өгүүлж байдаг. Ухаантай хүн хүний алдаан дээрээс суралцдаг бол тэнэг хүн гаргасан алдаагаа давтдаг гэдэг үг ч бий. Энд бичиж байгаа түүх зарим хүмүүст онц сонин биш байж болох ч миний хувьд байнга бодож, алхам бүртээ өөртөө хэлж явдаг зүйл. Аавынхаа гаргаж байсан алдааг давтахгүй юмсандаа гэсэн бодол. Ажил төрөл маань ч бичиг цаастай ихэнх цагийг өнгөрүүлдэг болохоор энэ бодол толгойд буудаг байх л даа. Олныг эс нуршин өгүүлэх зүйлдээ орьё. Миний аав Хатагин овогт Батын Хаянхярваа тухайн үеийн Намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж нам төрийн өндөр итгэл найдварыг өвөртлөн төрж өссөн нутаг Дорнод аймгийн ганц тогтмол хэвлэл болох Дөл сонинд сурвалжлагч, удалгүй хариуцлагатай нарийн бичгийн дарга хэмээх “хариуцлагатай” ажилд дэвшин томилогджээ. Энэ үе бол нам засгийн дайчин удирдлага дор социалист бүтээн байгуулалтыг өрнүүлж, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх тавдугаар 5 жилийн төлөвлөгөөт ажлыг биелүүлэх комунизм руу тэмүүлсэн социализмын оргил үе, 1972-1976 оны үе байж. Нам засгийн бодлогыг бүх нийтийн үйл хэрэг болгоход урдаа барьдаг цор ганц зэвсэг бол суртал ухуулгыг улаан тугаа болгосон сонин хэвлэл, ном зохиол буюу түүгээр дамжуулан хүргэх урлаг, уран сайхан байсныг хуучин нийгмийн бүтээгдэхүүн болон өсч хүмүүжсэн хүн бүр мэднэ. Тухайн үеийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга хийнэ гэдэг сэтгүүлч хэмээх мэргэжилтэй эрхмүүдийн мөрөөдлийн ажил байсан байх. Одоогоор бол редактор юмуу даа. Сонины дугаар бүрийг үг үсэггүй уншиж, утга найруулгыг засаж, агуулгыг тодруулж үйлээр бол уран шаглааг нь хийдэг ажил. Миний аав алхам бүртээ хариуцлага ярьсан, алдаа гарвал амьдралаараа шийтгүүлэх хариуцлагатай цаг үед тун нарийн чимхлүүр бөгөөд сэтгүүлч хүний чансаа шалгасан энэ ажил дээр бодол оюунаа чилээн, үнэн сэтгэлээсээ ажиллаж байсан гэдэгт би огт эргэлздэггүй. Нам төрийн даалгавар ч байсан биз, намын гишүүний улаан батлах нь ч зүрхэн тушаа төөнөдөг байсан биз. Тийм л хариуцлагатай үе 1976 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэвлэгдсэн Дөл сонины 28 дахь дугаарт тухайн үеийн ЗСБНХУ-аас Чойбалсан хотод суугаа ерөнхий консул /одоо аймгийн ЗДТГ байрлаж буй байр/ М.И.Петунины хэлсэн үгийг нийтлэхдээ “Монгол-Зөвлөлтийн эвдэршгүй найрамдал” гэсэн өгүүлбэрийн “эвдэршгүй” гэдэг үгийн “д” үсэг “л” -ээр солигдон “эвлэршгүй найрамдал” гэсэн эсрэг тэсрэг утгыг бий болгож улс төрийн ноцтой зөрчил илэрч хоёр орны ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгахуйц, уучилшгүй алдаа гарсан тул Дорнод аймгийн МАХН-ын хорооны товчооны гишүүд яаралтай хуралдан хэргийн эзнийг тодруулан хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна. Хэргийг шалган дүгнэлт гаргах тусгай ажлын хэсэг томилон Дөл сонины үсэг өрөгчөөс эхлэн эрхлэгч хүртэлх бүх албан тушаалтныг нэгд нэгэнгүй шалган байцаажээ. Ингээд шалгалтын дүнг намын хорооны товчооны гишүүдийн хуралд танилцуулахаар болж аав маань болон Дөл сонины холбогдох ажилтнуудыг байлцуулан 1976 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагт хуралдсан байна. Хурал шөнийн 01 цаг хүртэл үргэлжилж уг алдаатай гарсан 28 дугаар бүхий сонинг бүх захиалагч нараас татан авч устгах, шинээр хэвлэх, тухайн өдрийн сонины дугаарыг эрхлэн гаргасан нөхөр хариуцлагатай нарийн бичгийн дарга Б. Хаянхярваагийн буруу болохыг тогтоон намаас хөөхөөр донгодож ажлаас халах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Товчооны гишүүдийн хурлын уур амьсгал бүхэлдээ миний аав дээр хаягласан алдаа дутагдлыг илчлэн ярьсан байдлаар болсон байдаг. Алдаа гаргасан гэж үзэх ганц том шалтгаан нь “эвдэршгүй найрамдал” гэсэн үг нь эхнээсээ зөв өрөгдөж, хэвлэх зөвшөөрөл авах хүртэлх бүх дамжлагад алдаагүй тод гарч байсан боловч сонины хянагч уг нүүрийн сүүлийн засварыг тулгаж байх үед хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Хаянхярваа “эвдэршгүй” гэдэг үгийн “д”-г “л” үсгээр соль гэж хэлсэн буюу санаатайгаар үйлдүүлсэн тухай мэдүүлснээр нөхөр Хаянхярваа улс төрийн эсэргүү болон хувирчээ. Хуралд оролцож байцаагдсан болон байцаан тодруулсан товчооны гишүүдийн ярианы өнгө аяс, шалгасан ажлын хэсгийн мэдэгдсэнээр бол урьд өмнө Дөл сонины үйл ажиллагаанд гарч байсан бүхий л зөрчил дутагдлууд нөхөр Б.Хаянхярваагийн хариуцлагагүй байдалтай холбоотой байсан тухай хэлцгээж томоохон гэмт этгээдийг нэг мөр илрүүлсэн байдалтай хурлын тэмдэглэл архивын шарласан хуудсанд үлджээ. Сонины эрхлэгч М.Чимэдлхам гуай болон зарим хүмүүсийн мэдүүлснээр нөхөр Б.Хаянхярваа сонины эрхлэгчид болон нэр бүхий хүмүүст “Сая сонинд хэвлэгдэх гэж байсан нэг ноцтой алдаа олоод засчихлаа. Эвдэршгүй гэдэг үгийн “д” үсэг “л”-ээр солигдож хэвлэгдэх гэж байсныг зас гээд хянагчид хэлчихлээ” гэж ярьж явсан тухай мэдүүлгүүд бас байгаа юм. Зөв байхад нь буруу болгочихоод түүнийгээ бусдад ярьж явна гэж байхгүй нь тодорхой боловч эцэстээ бүх бурууг өөртөө хүлээсэн байдаг. Ийм хүнд хэцүү үед мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан зарим нөхдүүдийнх нь үнэн төрх ч илэрсэн бололтой. Нэгэнт оройтсон ч эргэцүүлж бодмоор, эхнээс нь дахин эхэлмээр санагдсан халуун цаг үед хүн юу эсийг эргэцүүлэхэв. Энэ үйл явдал аймгийн хэмжээнд бүү хэл Улаанбаатарт ч дуулдаад авсан бололтой. Үндсэндээ бүгдийг өөртөө үүрээд гарахаас өөр арга байхгүй шахаанд орсон, тийм байдалд орох нөхцлүүд ч урьд өмнө нь ажил дээр гарсан анзааргагүй байдлаас болж бий болсон байсныг өгсөн мэдүүлгээс нь харж болохоор байв. Үйл явдал хэрхэн өрнөж ийм байдалд хүрснийг тухайн өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлээс нь харж болох ч тэр бүгдийг энд тоочих нь илүүц.
Ингээд Дорнод аймгийн МАХН-ын хорооны товчооны гишүүдийн 1976 оны 70 дугаар тогтоолоор Дөл сонины 28 дугаарыг хүчингүйд тооцож, Б.Хаянхярвааг намаас хөөхийг донгодон ажлаас халж, сонингийн зардлыг төлүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Хянан шалгах хороонд үүрэг болгосон байна.
Тийнхүү нөхөр Б.Хаянхярвааг хэдий хариуцлагагүй ажиллаж алдаа дутагдал гаргасан ч намын гишүүнийх нь хувьд өөр ажилд тохоон томилж ариун цагаан ажил хөдөлмөрөөрөө гаргасан алдаагаа засах боломж олгосон нь Эрээнцавын сангийн аж ахуйн орлогч даргаар томилсон явдал байлаа. МАХН-ын хорооны товчооны гишүүдийн 1976 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хурлаас ингэж шийдвэрлэжээ.
Тухайн үед улс төрийн гэмт хэрэгтнүүдийг нутаг заан цөлдөг байсантай адил боловч аав минь хүлээсэн хэргийнхээ шийтгэлийг эдлэхээр нэгэнт шийдсэн байжээ. Юу л болвол болог гэж. Гэхдээ буулт нь харьцангуй зөөлөн байж таарсан байна. Сэхээтний төөрөгдөл гэж нэрлэж байсан үед улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсэд ганц биеэрээ бус бүтэн гэр бүлээрээ хохирсон түүхийг монголчууд мэднэ. Миний аав хэлмэгдсэн ч байж болох, үгүй ч байж болох. Үүнийг энд эрэгцүүлж, нэхэн зөвтгөхийг зорьсонгүй. Тус хурал дээр аавын маань хэлсэн ганц хүсэлт бол намаас итгэл хүлээлгэж хариуцлагатай ажилд томилж байгаад талархан сайн ажиллахаа илэрхийлж, гагцхүү 2-3 жилийн дараа эргүүлэн аймгийн төв рүү татаж ажиллуулахыг хүссэн байдаг. Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Я.Тойвгоо “Эргэн ирэх тухай одоо ярихгүй, шинэ ажлаа сайн хий” гэснээр уг хурал өндөрлөсөн байна.
Сонин хийнэ гэдэг ийм л амаргүй ажил байж. Тухайн нөхцөлд оногдсон үг, солигдсон үсэг зэрэг нь өөрөө их эмзэг таарсан нь энэ. Өнөөдөр монголд гарч буй олон зуун сонингуудын алдаа мадгийг ярьвал энэнээс эмгэнэлтэй нь ч бий байх.
Ингээд аав ээж хоёр маань миний ах нар болох 5 хүүгээ дагуулан Эрээнцавын сангийн аж ахуй буюу Чулуунхороот сум руу нүүжээ. Энэ үед хамгийн том ах маань 14 настай, хамгийн бага ах 2 настай байсан байна. Эрээнцавд нүүж очсоны дараа жилийн 4 дүгээр сарын 16-нд би аав ээжийнхээ 6 дахь хүү болон мэндэлсэн юм. Энэ өдөр бол аавын алдаа дутагдлыг шүүмжлэн ажлаас халж байсан 1 жилийн өмнөх намын хорооны товчооны гишүүдийн хурлын өдөр. Эрээнцав сайхан нутаг. Тэнд төрөх хувь тавилан надад ийм байдлаар олдсон ч гэлээ би харамсдаггүй. Харамсаад ч яах билээ. Хүн эцэг эх, нутаг усаа сонгож төрдөггүй.
Манайх гэдэг айл Эрээнцавын сайхан тосгонд 2-3 жил биш 20 жил монгол нутгийн газар газраас цугларсан ард түмний дунд аж төрөн суужээ. Энэ нутгийн сайхан агаараар амьсгалж, улз голын цэнгэг усанд умбаж өсөх хувьтай төрсөн би азтай. Харин Эрээнцавд ирсний дараа манай гэр бүлд азгүй үйл явдал тохиолдож уг үйл явдлыг нүдээр үзсэн гэрч нь би болж байлаа. Энэ тухай дараагийн бичлэгт оруулах тул ингээд зогсоё. Гагцхүү алдаа гаргахгүйгээр амьдарч, алдахгүйгээр амжилтад хүрсэн хүн хорвоо ертөнцөд байхгүй. Алдаж болно, алдаагаа давтаж болохгүй. Түүнээс сургамж авч зам мөрөө засч явах ёстой гэж боддог. Гайхуулан бахархмаар гавьяа биш ч үүнийг үл мартах зорилгоор, мөн хэрэг болгон сонирхсон нэгэнд сонин болгохоор ийнхүү тэрлэлээ. Аавынхаа амьдралд үүрсэн ачааг хэмжиж би чадахгүй ч эрхэлсэн албандаа эзэн байж, эхэлсэн ажилдаа сэтгэл зүрхээ өгч, шударга байхыг захидаг байсныг санан дурсаж, ахиж алдаагүй цэгц шулуун явсныг нь даган дуурайх хүсэл сэтгэлээр жигүүрлэж явдгаа нуух юун.

Баярлалаа. Их сургамжтай нийтлэл болжээ.
ReplyDeleteНээрээ л нэгэнт хийж байгаагаас хойш хамгийн сайнаараа л хийх хэрэгтэй. Юманд 2 дахь удаа гэж байдаггүй