Powered By Blogger

Wednesday, April 18, 2012

“Бууны суман дор зогсож байсан балчирхан бага нас минь”

           Дорнод аймгийн “Дөл” сонины 1976 оны 28 дугаарт гарсан тэр нэгэн үсгийн   алдаанаас болж гэр бүлээрээ Эрээнцавд нүүн ирж эгэл жирийн ард түмний дунд бусдын л адил ажиллаж амьдарсан, сурч хүмүүжсэн тэртээх он жилүүд миний аав, ээж, ах нарын хувьд олон сайхан гэгээлэг дурсамжуудыг үлдээсэн нь гарцаагүй. Түүнээс гадна олонд төдийлөн яриад байхаар биш ч юугаар ч үл нөхөх эмгэнэлт явдал үе үе нэхэн санадагддаг бизээ. Тухайн үед балчир бага байсан хүүхэд насны минь бяцхан тархинд тодхон хэрнээ бас бүүр түүрхэн гунигт дурсамж болон үлдсэн тэр үйл явдлыг өөрийн ой тойнд хадгалагдсан байдлаар нь сийрүүлэхээр шийдлээ.
            Эрээнцавд шилжин ирсний дараа жил миний бие хорвоод мэндэлж олон хөвгүүдтэй айлын хүүхэд ямар байдалтай бужигнан шуугилдаж өсдөг билээ тэр л зургаар өсвөр насны ах нарынхаа гараас гарт шилжин өргүүлж, мөрөөс мөрт дамжин үүрүүлж өсчээ. Нэг гэр бүлийн тэрсхэн 6 бандийг дэгтэй журамтай өсгөнө гэдэг өнөө цагийн залуу аав, ээжүүдэд бол давшгүй хүнд ачаа. Тэр үеийнхээр бол гойд сонин биш байдаг л нэг социалист гэр бүл. Гагцхүү дандаа хөвгүүд гэдгээрээ багахан ялгаа байсан байх. Манай гэрийхэн дандаа 3 насны зайтай төрсөн байдаг. Энэ нь ч тухайн үеийн олон хүүхэдтэй айлуудын баримталдаг хүүхэд өсгөх нийтлэг “бодлого” байсан байх. Хүн амаа эрчимтэй өсгөх төр засгийн мэргэн бодлогоор тухайн үеийн олонх айлууд хамгийн багадаа 5, түүнээс олон хүүхэдтэй байсныг хүмүүс мэднэ. Ээж маань алдарт эхийн эрхэм хүндэт 2 дугаар одныг миний дээд талын ахыг маань төрүүлснээр энгэртээ зүүж бусад ээжүүдийн адил баярлаж бас бахдаж байсан бизээ. Энэхүү хүндтэй үйл явдал Чойбалсан хотноо амьдарч байхад тохиосон байна. Мэдээж хэрэг 6 хөвгүүнтэй гэр бүлийн хүсэл мөрөөдөл ээждээ хань болох, эрчүүдэд халамж авчрах охин төрүүлэх байсан нь тодорхой. Намайг анх охин байгаасай гэж хүлээж байсан нь  ойлгомжтой гэж би таамагладаг. Гэхдээ миний мэдэхийн тэр үед охидуудтай айлууд олон, хүүтэй болохыг хүсдэг аав ээжүүд их байсан шиг санадаг. Тэгэхээр манайх тухайн үедээ бас ч гэж ондоо байсан байж магадгүй юм. Би ч хэргийн эзэн гэдгээ мэдэх биш хэдэн ах нартайгаа тоглоомоо булаацалдаж ана мана үзэж өсчээ. Удалгүй би гэдэг хүн тэрүүхэндээ биеэ дааж, шээеээ бааяаатайгаа болох үед буюу 3-тай болж байхад манайд дахин нэг маамууны сураг сонстож миний бие дүү дагуулсан бас нэг “том ах” боллоо. Хүсэн хүлээсэн охин дүү 1980 онд мэндлэв. Дүүгээ анх төрөхдөө ямархан охин байсан, ахын хувьд дүүгээ хэрхэн хүлээж авч байсан, баярласан догдлосон болон мээмээ хармалж уйлсан эсэх тухай ямарч мэдээлэл тэртээгээс цаг үеийн уртыг туулан өнөөдөр миний оюун санаанд яахан үлдэх билээ.  3-тай байх үеэ санадаг, ярьдаг хүн ховор байх. Манайх ингээд эмэгтэйчүүдийнхээ тоог нэгээр нэмлээ, ээж минь ихээ баярласан гэдэг.
            Аав нь аж ахуйн ажлаар хөдөө их явах, ээж нь талхны цехэд /бид талхны газар гэдэг байсан/ талх баригч тул өдөр шөнөгүй ээлжээр ажиллах, хэдэн хөвгүүд гэрээ сахин үлдэх тийм л нэг айлын дүр зураг. Эрээнцав орос ах нарын буянаар орчин үеийн тохижилттой тохилог 2 давхар орон сууцнууд олныг барьсан газар. Манайх 1 дүгээр байшингийн хоёр давхрын 7 тоотын 2 өрөө байранд оршин суудаг байлаа. Орцны хөрш айлын хүүхдүүдтэй амь нэг, орцонд шуугих, орос мэргэжилтний хүүхдүүдтэй хоккей тоглох, номердох, дуугий даагий, лавтуу,  бөглөө, мөнгө, амбаарын дээвэр дамжин харайх гэх мэт тэр үеийн хүүхдүүдийн нааддаг бүх л тоглоомыг зугаа болгож өссөн дөө. Ах нар насны эрэмбээр бие даан гараас гарч эхэлжээ. Тэр үед Эрээнцавын сургууль 8 жилийн сургалттай байсан юм. Хамгийн том ах 8 дугаар анги төгсөж сонирхлоороо Техникум төгсөж ирээд сангийн аж ахуйн авто гражид механикч хийж,  дараагийн ах 8 дугаар анги төгсөөд аймгийн төвд сургуульд, бусад нь буюу охин дүү бид хоёроос бусад гурван ах сумын сургуулийн сурагчид байсан үе 1983 оны 7 дугаар сарын зуны нэг өдөр энэ явдал болсон юм. Би 6 настай болчихсон сэтгэлд гүн үлдсэн дурсамжуудаа тархиндаа хав дараад энэ цаг үед тээж авчирах оюун ухааны хөгжил эхэлсэн үе. Ээж ээлжийн амралтаараа охин дүүг аван Цагаанхөндийн амралтын газарт амрахаар яваад 7 хонож байсан байх. Аав бас үе үе хөдөө явдаг ажил нь эхэлж хөдөө явах болсон байж. Байшингийн гадаа тоглож байсан чинь миний дээд талын ах Батзориг маань /3 дугаар ангийн сурагч байсан/ “аав хөдөө явах гэж байна би хамт явлаа” гээд саяхан ирж зогссон 69 машин руу гүйдэг юм. Би ч мөн адил явдаг баатар мөчөөгөө өгөхгүй дагаж гүйсэн байж таараа. Бид аавтайгаа хамт хөдөө ажлаар болон анд олон удаа явж байсан юм. Гэтэл тэр өдөр аав олон хүнтэй яваа багтахгүй гэж учирлаж дараа дагуулж явна гээд хоёуланд маань хориглох тэмдэг өргөлөө. Энэ явдал етөнцийн зүгээр бол байшингийн хойд талд, орцоор зүг гаргаж хэлвэл манай байрны яг зүүн хажууд болсон юм. Яагаад ч юм ах маань заавал хамт явна гэж учиргүй их уйлж машин руу нь зүтгэхэд аав ”Бэхээ дүүгээ ирж ав” гэж түүний дээд талын ахыг дуудахад/6 дугаар ангийн сурагч, дашрамд манайхан бүгд “Бат”-тай нэртэй, тиймээс дандаа сүүлийн нэрээр нь ялгаж дууддаг юм/ Бэхээ ах ирж Зоригоо ахыг маань орилуулан байж татаж чангаан авч үлдэж машин хөдөлж байсан дүр зураг одоо ч миний оюун санаанд тод үлджээ. Дүү нь хэрнээ би эхэндээ уйлж байгаад сүүлрүүгээ ахыгаа уйлахыг хараад зогссон санагддаг. “Дүүгээ хар л даа, тээр уйлахгүй байхад” гэх зэргээр 9 настай ахыг ичээх арга хэрэглэж байж намдаасан тэр явдлыг Бэхээ ах маань бүр илүү тод санадаг байхаа.
            Аав, ээж эзгүй байсан эгэл жирийн өдрүүдийг хөвгүүд зөндөө л үдсэн биз. Гэхдээ хүүгээ орилуулан байж орхин явсан тэр өдрийг аав маань байнга санаж харамсан гашуудна гэж яаж санахав дээ. Том ах ажилдаа явсан зуны өдөр хөвгүүд юу эсийг хийхэв, найзуудаа цуглуулаад бужигнасан байх, гэртээ тоглож уйдаад гадаа гарч тоглож байсан юм. Байшингийн гадаа сүүдэрт тоглож байтал гэрээ сахин үлдэгсдийн хамгийн том нь болох Баяраа ах маань /8 дугаар ангийн сурагч/ “Бэхээ, Зоригоо, Эрдэнээ та хэд ороод дээл, орны бүтээлэг, гал тогооноос бас  идэх юм аваад ир” хэмээн тушаал буулгаж араас нь “хэдүүлээ гол явья” гэж чихэнд чимэгтэй үг хэлж байсныг санадаг. Өөрөө найзтайгаа гадаа сандал дээр суугаад үлдэв. Гол дээр очно гэдэг зуны халуунд жинхэнэ жаргал. Аав, ээжийн байхад гол явах зөвшөөрөл авна гэдэг хэцүү. Гол уснаас болгоомжлох тухай сургаал ном зөндөө сонссон доо. Бид бөөн хөөр би би гээд л гүйхээрээ шахуу хаалгаар чихэлдэн гэр лүүгээ орцгоосон. Энэ үед хамт тоглож байсан Зоригоо ахын маань ангийн найз А.Амгалан бас хамт орсон байдаг. Гэрт нэлээн их ааруул байсан, түүнээс ахиухан авч байсан санагддаг юм. Хэрэгтэй зүйлсээ цуглуулаад яг гарах гэтэл Бэхээ ах “буутай согтуу хүн, согтуу хүн” гэсээр эргэн гүйж орж ирээд хаалгаа дараад зогсчихдог юм. Хамгийн том нь байсан болохоор “та нар цаанаа том өрөөнд ороод байж бай би хаалгаа түгжээдэхье” гээд цоожтой ноцолдоход цаанаас нь хүчтэй түлхэх, тийрэх тоолонд хаалгатайгаа хамт савчих Бэхээ ахыг хараад би хаалганы ойр зогсож байв. Зоригоо ах найзтайгаа том өрөө рүү орсон байсан. Нөгөө согтуу хүн хаалга түлхээд л байлаа Бэхээ ах ноцолдоод л байлаа. Хаалгаа түгжиж чаддаггүй шүү. Түрүүхэн гэрээс гарахдаа хаалгаа түгжиж байсан санагдаад болдоггүй “би түгжиж чадышд” гээд хаалганд ойртоход цаашаа цаашаа би чадна гээд ноцолдоод байх. Харин Бэхээ ах бидний нэг нэгнийгээ гэрт оруулахгүй гэж тоглодог байсан аргыг сэтгэж хаалганы арын хананд байдаг шүүгээний /оросуудын барьсан байранд цаанаасаа ийм шүүгээ байдаг/ өрөөсөн хаалыг онгойлгож гэрийн хаалгыг онгойлгохгүйгээр чагталж амжсан юм. Тэр согтуу хүн хэн болох, яагаад буу барьсан, яагаад манайх руу орох гээд зүтгээд байгаа талаар ер бодох сөхөө байхгүй “би хаалга түгжиж чадна, Бэхээ ах амархан юмыг гацаагаад түгжиж чадахгүй байна” гэсэн тийм л хүүхдийн хөнгөн бодолтойгоор айж, мэгдсэн юмгүй ахдаа хөөгдөн барин хараад зогсож байсан нь дэндүү тод санагддаг. Цаанаас нь тийрэх, түлхэх нь ихсэж байснаа гэнэт эрэгтэй хүний чанга баргилдуу хоолойгоор “онгойлгохгүй бол буудлаа шүү” гэж дуугарсан. Ах хаалгаа дараад л байв. Тас няс хийсэн дуу хаалганы цаана гарсан даруйд шунгинасан чимээ гэрт дуулдаж, таазны шохой ч дээрээс ширхэглэн унах шиг, ханын шавар ч үсрэх шиг сонин хачин явдал болсон юм. Гайхаад дээш, доош хараад зогсож байтал яг миний ард “ээжээ” гэж уйлагнах чимээ гарч билээ. Эргээд харсан чинь Зоригоо ах. Духаа гараараа дарчихсан гарын хурууных нь салаагаар цус гоожиж байгаа харагдсан. Тэрнээс цааш хэсэгхэн хугацаанд яг юу болсон нь ер санагддаггүй юм. Ахыгаа харснаас хойш гэнэт айж сандарсан байх гэж боддог. Нэг санахад Бэхээ ах бид хоёр том өрөөнд орж ирчихсэн Зоригоо ах маань аавын орны урд уначихсан толгойг нь тойроод шалан дээр дүүрэн цус. Суманд өртсөн газраасаа хөдөлж цаад өрөө рүү гуйвж дайван алхаж орон унасан байдаг. Би уйлаад явган суучихсан, Бэхээ ах цонхны тавцан дээр гарч салхивчаар хоолой мэдэн “манай дүүг буудчихлаа ш дээ” гэж уйлан бахирч байсан нь санагддаг. Нөгөө согтуу хүн яасан юм, хаалгаа түгжсэн юмуу бүү мэд. Гэнэт гадаа хүлээж байсан Баяраа ах маань найзтайгаа гүйн орж ирэхэд орон доор ороод нуугдан хэвтэж байсан талийгаач ахын ангийн найз А.Амгалан гараад ирчихсэн бөөн уйлаан. Баяраа ах маань найзтайгаа талийгаачийг хөл гарнаас нь дамнаад  эмнэлэг рүү гүйсэн, гадаа дүүрэн хүмүүс цугларсан, хамт тоглодог байсан орцны эгч нар хана налан уйлсан ийм л дүр зураг үлджээ. Тэр хооронд цагдаа нар гэрт орж ирж хэмжилт хийж, ахын маань яг унасан газар нь шохойгоор зурсан гэх мэт олон үйл явдлууд болсон юм. Ах маань ийнхүү харамсалтайгаар 3 дугаар ангийн сурагч байхдаа бууны суманд өртөж амиа алдсан юм. Талийгаач ахыгаа онц сурдаг байсныг, ёолкоор бэлэг авч байсныг, бид тоглоомон буугаа булаацалдаж дүү гэдэг утгаараа би дийлэх гэж үзэж байсан, аав тус бүрт маань цагаан гар буу авч өгч бөөн баяр болж байсныг, шөнө бүгдээрээ орондоо орсон хойноо буу халцгааж талийгаач маань ангийнхаа нэгдүгээр овгор гэж сайрхан ярихыг шимтэн сонсож, ах нар инээлдэж байсныг би одоо ч санаж байдаг. Аав хэрэг явдлыг дуулсан даруйдаа эргэсэн ч маргааш нь юмуу орой нь ч юмуу бүрэнхий болж байхад ирсэн юмдаг. Холбоо харилцаа сайнгүй тул хүнээр хэл хүргэсэн байх. Гэрт дүүрэн хүмүүс, ах нар эгнээд суучихсан би хэний ч юм өвөр дээр сууж байхад аав “Яагаад дүүгээ алдчихав даа” гэсээр орж ирснийг санадаг. Бөөн уйлаан болж байсан болохоор аавын тэгж хэлээд намуухан алхан орж ирээд надад хүрч байсан нь бяцхан ойнд минь хадагджээ. Аав уйлахгүй байсан нь сонин санагдсан тул энэхэн хэсэг миний санаанд тод байдаг байх. Аав минь тэгэхэд  зүрхэндээ дүүрэн нулимстай байсан нь тодорхой. Араас нь залгаж яваа хэдэн хөвгүүдийнхээ өмнө нулимс үзүүлэхгүй гэж огших эцэг хүн өрх гэрийн ноён нуруу байх хувь заяаныхаа өмнө энэ мэтээр олон сорилтыг давдаг байх.
Нэг унтаад сэрэхэд ээж дүү хоёр ирчихсэн, аймгийн төвөөс өвөө, эмээ, ах дүү хамаатан саднууд дүүрэн хүн цугларсан байв. Миний нүдэн дээр томоос том өвдөг гараад хавдчихсан. Хүмүүс наймаг эрхлүүлэх нь ихссэн ч юм шиг, хүн болгон өргөж яваад ч байх шиг, тэр хэрэг явдлаас хойш надад тавих анхаарал нэмэгдсэн ч юм шиг, юм болгон сонихон тийм л байдал ой тойнд буудаг.
Талийгаач зөнгөөрөө мэдээд байсан бололтой байдаг. Ээжийг амралтад явахад бас дагаж уйлсан гэдэг. Хааяа өөрийн нүдээр харсан энэ үйл явдлыг лавхан бодоход зүрх шимширдэг. Тэр үед дэндүү гэнэн балчир байсан болоод ч тэр үү сэтгэл зүрхэнд үлдсэн тэр таагүй үйл явдал аяндаа бороолсон байж болох.Тийм юм болно гэж хэн төсөөлөхөв дээ, тийм үйл явдлыг харсан хэн ч байсан гүн хямралд орно, би хэдий балчир ч гэлээ ор тас мартана гэж яаж байхав. Бэхээ ах маань л нэг хэсэг хямраад, уйлж зүүдлээд хэцүү байсан гэдэг. Хүүхэд байсан тулдаа төдөлгүй давж гарсан байх.
            Ээж, аавд минь ямар хэцүү байсныг үгээр яаж илэрхийлэх билээ. Ах маань ээждээ одонгийн хүүхэд нь байв. Ээж минь мартаж чадахгүй шаналж талийгаач ахтай маань холбоотой бүх л зураг, хэрэглэж байсан зүйлсийг нь хүнд өгөхийг өгч, шатаахыг шатааж өр зүрхнийхээ зовлонг нимгэлж байсныг санадаг. Нэгэнт босгоод ирж чадахгүйгээс хойш байнга бодож, энд тэнд нүдэнд өртөх дурсамж сэргээх зүйлсийг нь харж өөрийгөө тамлахыг хүсээгүй байх.
Тэр сум Бэхээ ахын хажуугаар гарч хаалганы өөдөөс харсан хананд ойж миний толгой дээгүүр гарсан байдаг. Хэрэг гарснаас хойш ээж уг нь тэр хаалганы нүхийг чадлаараа бөглөж будаж янзалсан боловч цагийн уртад бөглөөс нь уначихдаг юм билээ. Хожим намайг бүр том болж 10 дугаар анги төгссөнөөс хойш ч, тэр байранд өөр айлууд орсон ч хаалганд гарсан сумны жижиг нүх хэвээрээ байдаг байсан. Бүр сүүлд орсон айл шинэ хаалга хийсэн байна лээ. Байшин маань ч, өнөө хаалга нь ч цагийн аясаар элэгдэж хуучраа биз дээ.
Диваажинд ах маань яг л тэр хөөрхөн хүүхэд ахуйгаараа хэрэгтэй болж Бэхээ ах томдож, би багадаж бид хоёрыг үлдээсэн байхаа. Энэ түүхийг ингээд бичиж суухад ганц нэг зүйл нь санаанд гэнэт орж ирж хүүхэд насны минь дурсамж сэргэж байгааг мэдэрлээ. Буутай хүний тухайд дараа өгүүлнэ.

1 comment: