Хүүхэд нас сайхан шүү. Эргээд дурсахын цагт тэрүүхэндээ л хүн болох гэж
унаж, босч, тэмцэж явсан гэгээлэг сайхан түүхүүд хөвөрнө. Хүн бүр хүүхэд
насандаа хөгөлж, будилж нийгэм хамт олны дунд хөлөө олохын тулд өдөр тутмын
амьдралаас сурч, аливааг мэдэрч, бяцхан тархиндаа эргэцүүлж, зүгширч явсан
байдаг. Саяхан монголын жиргээчид “#Би багадаа” хэмээн хаштаг хэрэглэж бага насандаа хэрхэн алдаж онож байснаа
болон хүүхэд насны өхөөрдөм явдлууд, инээдэм, ханиадам болж явсан дурсамжуудаа
жиргэцгээсэн. “#Би багадаа”
жиргээнүүдийг цаг хугацааны хувьд 2 ангилах юм билээ. Нэг хэсэг нь социалист
нийгэмд хүүхэд насаа үдэгсэд буюу 90 оноос өмнөх үеийн жиргээчид, нөгөө хэсэг
нь 90 оноос хойш буюу шилжилтийн үед хүүхэд насаа үдсэн жиргээчид. Дурсамжыг нь
уншихад л энэ нөхөр тэдэн оны хүүхэд байх нь гэсэн багцааг шууд мэдэж болох аж.
Тэндээс уншиж байхад олон хүмүүст хүүхэд насны нийтлэг явдлууд адилхан тохиолдсон
байх юм. Тэдгээрээс зарим нэг нийтлэг содон дурсамжуудыг дурдья. Зарим нь
ялгаагүй надад ч мөн тохиолдож байсан. Олон хүн багадаа цонхон дээрээ, эсвэл
гэртээ орны наагуур татсан хөшигний ард орж нэгнийгээ зарлаж байгаад концерт
тоглодог байжээ. Би ч ялгаагүй дүүтэйгээ хамтран тэгж тоглож байсан. Үнэн
сэтгэлээсээ итгэж яг л клуб театрт байгаа юм шиг бодож тоглодог байж. Бас
нэлээдгүй хүмүүс багадаа консервыг цементэн дээр үрж байгаад задалж идэж
байсан, печенийг булангаас нь мэрж дугуйруулан иддэг байсан, модны давирхай
түүж зажилдаг байсан, хичээлийн дэвтэр хурдан дуусаасай гэж боддог байсан,
яагаад гэвэл шинэ дэвтэр гоё, улаан бүчээ норгож байгаад халуун янданд үрж
индүүддэг байсан, цамцныхаа захыг хиртүүлэхгүй гэж гялгар уутаар бүрдэг байсан,
өмдөө гудсан доороо хийж унтан индүүдэхгүй өмсөж явдаг байсан, хүүхэд хүйсний нүхээр
гардаг гэж боддог байсан, ширээн доороо орж айл гэр болон тоглодог байсан,
хлорын шохой норгож лаазаар бүтээж дээш буудуулж тоглодог байсан, элсэн чихэр
түлж ирис болгон иддэг байсан, айлын цонх хагалаад зугтааж байсан, аав,
ээжийнхээ мөнгөнөөс тууж байсан, ах эгч нартайгаа хувцаа булаалдаж өмсдөг
байсан, ангийнхаа охинд “хоёулаа үерхэхүү” гэсэн захиаг нэрээ бичихээ мартаж
өгсөн учир хариугаа авч чадаагүй тухай, даалгавраа хийчихэээд ангийнхаа хөөрхөн
охиныг “чинийхээс хуулья” гэж гуйгаасай гэж маш их хүссэн боловч гуйгаагүй
тухай, эсгий гуталд тэшүүр углаж монгол гутал шиг болтол нь эдэлдэг байсан,
мөнгө, тэвэг, жиртаа гээд нийтлэг олон дурсамжуудыг дэлгэсэн байна. Тухайн үед
зэм, шийтгэл хүртэж байсан “гэмт” хэргүүд нь одоо гэгээлэг сайхан дурсамж болон
хувирсанаас үзэхэд хүмүүний амьдралд хүүхэд насны томоогүй, гэнэн үйлдлүүд
гашуун гэхээсээ илүү амьдралд хөлөө олоход дэм болсон, ой тойноос үл гарах
сургамж болон үлддэгийг олон хүн хүлээн зөвшөөрдөгөөс харагдана. Мөн #би багадаа хэрхэн будилж явснаа ч
хуваалцаж амжсан юм. Тухайлбал 1-2 дугаар ангид байсан болвуу даа гадаа гарч
тоглох гээд гэрийнхээ түлхүүрийг хайгаад олдоггүй. Яараад байдаг, арга ядаад
хаалган дээрээ “Энэ гэрт хүн орж болохгүй” гэж бичсэн цаас наагаад түгжээгүй гарсан
юм даг. Орой гэртээ орж ирсэн чинь ээж ирчихсэн ах инээчихсэн сууж байна. Өнөө
бичгийг ээж барьчиж -Энэ бичгийг чи наасан уу? гэж асуудаг юм. Пал гээд явчиж
байгаа юм. Гэтэл тэр үед ямар ч билээ өвчин гараад энд тэнд хөл хорио тогтоож
байсан юм байх. Тэрийг мань яаж мэдэхэв ээжийгээ айлгаж орхижээ. Тоглоомондоо
яараад ингээд наачвал хүн /ялангуяа хулгайч/ орохгүй гэж бодож байсан тэр үе,
хүүхэд нас минь хиргүй тунгалаг бас гэнэн байж дээ. За мөн дүүтэйгээ хоёулхнаа
гэртээ байсан юм. Сургуульд арай ороогүй байсан санагдана. Хоол халааж идэх
боловоо. Ах нар байдаггүй. 2 аяганд бантангаа аяглаж байгаад зэрэгцүүлээд шууд
плиткан дээр тавиад залгачихлаа.Тэгсэн халах янзтай шүү, жоохон бүлээндүү
болгоод идэж байсан. Дараа нь гэрийнхэндээ яриад тэгж болдоггүй юм байна гэж
ойлгож билээ. Удаасан бол аяга нь хагараад балрахгүй юу. Цонхны салхивчаар
шүдэнз зурж шидэж байгаад 2 давхар цонхны дундуур асаасан шүдэнзээ алдаж дулаалгын
хөвөнд нь гал авалцуулж сандран байхад хажуу айлын эгч гэр лүүгээ орж байх
тааран харж тусалснаар унтраалцаж байв. Бас л 3-4 дүгээр ангид байсан санагдана.
Престройка эхэлж байсан үе гэрийнхэндээ “Энэ Горбачёв чинь оросынхоо сангийн аж
ахуйн дарга юмуу?” гэж асуугаад онигоонд орж байв. Аргагүй шүү дээ тэр үед
Эрээнцавын хамгийн том дарга бол сангийн аж ахуйн дарга байсан юм. Сумын төвд тэмээн тэрэгтэй
хүн ирээд байшингийн гадаа уясан байхад нь сониучирхан очиж харахад өнөө тэмээ
сэвсээ тургиж бөөн юм болж билээ. Дүү бид хоёр гэртээ тэмээ амаараа баадаг юм
байна гэж хэлсээр орж ирээд аавдаа монголгүйгээрээ дуудуулан загнуулж байв. Аав
минь эндээс санаа авч бүр надаар жишээ болгон 5 дугаар ангийн хүү маань ингэж
ярьж байна гэсэн шигтгээ хийж тухайн үед “Дөл” сонинд “Малынхаа хэлийг мартаж
болохгүй” гэсэн жижиг нийтлэлийг хүүхэд, залууст сургамжтай байдлаар бичсэнийг
нь уншаад ихэд ичиж байж билээ. 7 дугаар ангидаа тооныхоо шалгалтад муу аваад за
да аргачгүй юм даа ухааны юм бодож хэнэггүйтэж байлаа. Нэг ёсондоо хувь
заяатайгаа эвлэрч байгаа нь тэр. Яагаад ч юм бүр анхнаасаа тооны хичээлд үнэн
явдаггүй, тоонд ясны дургүй хүүхэд байлаа. Яг одоо санагдаж байгаа дурсамжууд
гэвэл иймэрхүү байдлаар бууж байна. Мартсан болохоос хүүхэд насны дурсамж баян
шүү дээ. Өөр юу эс болоо аж. “Хүүхэд явлаа” гэж.
Бага насны дурсамж гэснээс өмнө нь өгүүлсэн
түүхэнд орсон талийгаач ах маань надад эргэн төрснийг бичмээр санагдлаа. Миний
том хүү 2001 онд мэндэлсэн, одоо 11 настай том ах. Би тооныхоо хичээлд муу
байсан бол манай ах тоондоо их сайн байсан гэдэг. Миний хүү мөн тоондоо сайн. Надад миний хийж чадаагүй
юмыг миний хүү чаддаг байгаасай гэсэн хүсэл байдаг юм. Хүүгээ цэцэрлэгт байхаас
нь IQ, тооны дугайланд
хичээллүүлж түүний маань ч үр дүн гарч байгаа билээ. Ахыг маань дуурайсан болов
уу гэж боддог. Түүнээс гадна зүүд байгаа учраас зөн билэг, сүнс байдаг гэж
уншиж байсан, зарим талаар үнэн байх гэж боддог хүн. Миний болоод
эхнэрийн маань удам судар, ах дүү, хамаатан садан дунд содон том мэнгэтэй хүн
байдаггүй юм. Харин миний хүүгийн зүүн нүдний харалдаа духных нь дээхнэ хэсэгт хурууны өндөгний хэмжээтэй том дугуй мэнгэ байдаг юм. Багадаа байнга харагддаг байсан энэ мэнгэ үс нь ургаад
халимагтай болохоор анзаарагдахгүй болжээ. Ах маань яг тэр хэсэгтээ сумны шарх авсан юм.
Дүүдээ эргэн ирэх гэж 18 жил хүлээсэн сүнс нь хүү маань болж дахин мэндэлжээ
гэж боддог. Хүнд ховорхон хэлж байсан нууцаа энд дэлгэлээ. Хөөрхөн хүү маань
аав ээжийнхээ сайн хүү, дүүгийнхээ сайн ах, хичээл номдоо сайн суралцагч байж
өөрийнхөө үүргийг мундаг биелүүлж байгаад баярлах шиг жаргал хаа байхав. Хожим
бас дурсамж бичсэн шигээ өвгөн болсон аавынхаа залуу насыг эргэн санагдуулахаар
тэрсхэн өсөж буй 2 мундаг хүү байнаа байна.

